РЭНЧИНБАЛ

Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм

БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ

богд᠎_суугаа

Миний энэ сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна.

Хоёр удаа уншваас гадны гай барцад магад арилна.

Гурав дахин сонсвоос гурван муу заяанд үл унах хийгээд 33 төрөлдөө надтай хамт учирч төрнө

хэмээн Богд гэгээн зарлигджээ.

Ум аа хум Ум сайн амгалан болтугай.

Суваадийн орноос бууж ирсэн баруун газрын Далай ламаас зарлигтай, Банчин богдоос сунтагтай, далан таван Махгалын дүртэй, мянган мэлмийтэй, түмэн сонортой, Хонсин бодисад Очир дарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг шавь долоон хошуу өвөр 49-д залагдаж ирээд Богд хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ.

Шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулж шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг бөлгөө.

Халхын 4 аймагт удаан суухгүй урмын төдийд очъё гэж нэг айлдав.

Бараан цагаан тамхины утаа бараан манан татна

Бараан хараалын нүгэл ихэдсэний тул манан татна Бараан архины үнэр ханхлаад сууж болохгүй гэж нэг айлдав.

Халхын дөрвөн аймагт, дөчин есөн чуулганы хошуу намайг туулай жилийн намрын дунд сарын шинийн долоонд ширээнд зална. Шинийн нэгэнд энэ сургаалийг тараая.

 

Ар халхын та нар минь ээ!

Би гурван ертөнцийг өдөр шөнийн 6 цаг хамт товчилж 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн дотор хэрүүл тэмцэл, хэл ам, галын үнс, үүдний хог шороонд чинь халж орж болохгүй байна.

 

Ар халхын та нар минь ээ!

Би 16 дугаар оны өвлийн сүүл сарын 29-ний өдөр Очир дарь эх хийд Лабрин орон балгасыг орхиж та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарыг үүл мэт бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний сүүлд арван цагаан буянаа өгч татна. Түүний сүүлд үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна. Тэгээд хойч төрөлдөө гурван мянган галав нөгчтөл очир тамын зовлонг үзнэ шүү. Та нарын минь хийсэн хилэнц үйлдэл нүгэл чинь миний зүүн баруун гарын алган дээр эрлэг номун хааны толь мэт ил тод харагдах юм. Барс, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ.

Гэвч та нарын үйлдсэн арван хар нүгэл, хар улаан хараал чинь ханиад томуу, мэдэх мэдэхгүй өвчин болж ирнэ. Тэр чинь их хор болох тул аливаа муу юмыг амирлуулж байхын тулд өрх дараалан Жадамба, Сундуй, Лхүмбэнгарав, Тарвачимбо, Доржжодов, бага сага айл бол Жадамба, Дашзэвгэ, Нанжид, Доржжодов, лам хуварга айл бол Гурван гүрэм, Дэвжид сэржим, Жамбалсанжид, харь олон даяар маань мэгзэм Жанлавцогзолыг түм бум унших хэрэгтэй.

 

Ар халхын та нар минь ээ!

Гурван настай хүүхдээс дээш хүмүүс ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа даалуу хөзөр зэргийн арван хар нүгэлт явдлыг сайн мэддэг атлаа эрдмийг юунд эс сурна вэ? Маань мэгзэмийг юунд эс уншина вэ? Тэгээд хойд төрөлдөө яаж бурханы оронд очих юм бэ?

 

Ар халхын та нар минь ээ!

Би тав, зургаа, долоо, наймдугаар Богдын гэгээн гэж олон олон төрөлдөө ийм сургаалийг тараасан билээ,

Та нар минь үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг харавч хараагүй, харсан царайгүй өнгөрүүлдэг билээ.

 

Ар халхын та нар минь ээ!

Алт мөнгийг зүүж эдлэвч амны хишиг заяа алга байна шүү дээ. Хойд насандаа тамд ойчино шүү. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс дээш бүү эдэл. Хэрэв миний үгнээс зөрж эдэлбээс хортон дайсны гарт түргэн учирч зовно.

 

Ар халхын та нар минь ээ!

Манж хүн, хар хятадыг ирэхэд ширдэг дэвсэж ширээ тавьж хүндэлж чаддаг атлаа манай шажны хуврагуудыг ирэхэд доромжлон суудаг чинь бурхан шажинтай эвдэрч хэл буруутны гарт түргэн учирч зовно. Гэлэн гэцэл тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд чамраа хийсгээд худалдаа наймаа хийж байна.

Цөвүүн цагт авгай хүүхний дэргэр үс сэргэр мөр миний нүдэнд шувуун толгойтой эрлэгийн элч мэт үзэгдэж байна.

Далай ламаас заалгасан зарлигтаа Банчинбогдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын орой дунд адис болгон даръя гэж санавч ер болохгүй байна. Энэ цөвүүн цагт бүстэй бүсгүй хүмүүс нарын гэзэг үсний залгаа хар цацаг зүүдэг чинь миний нүдэнд биеэ ороосон хар эрээн могой мэт үзэгдэж байна. Хойд насандаа тамын чагтага хөлд чинь тушаа болно. Аав ээжээс хайрласан халиун хонгор үсийг байхад юунд элдэв дээдийн юмыг зүүнэ вэ?

Битүү саравчтай, бөмбөгөр оройтой малгай өмсдөг чинь миний нүдэнд цэргийн хувцас сумны товх шинжтэй үзэгдэж байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цус болгохын дохио, Улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын дохио. Улаан эмжээртэй гутал өмсөөс хонго боривоо сийчүүлэхийн дохио.

Улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын дохио.

Харчууд авгай бүсгүй хүмүүс улаан шар хувцас өмсвөөс бурхан шашнаас холдохын дохио.

 

Ар халхын та нар минь ээ!

Мянган хонио туугаад, мянган лан мөнгөө тээгээд буян ном үйлдэхгүй, бусдыг буян ном үйлдэхэд даган баясахгүй, хоосон хүнд өглөг өгөхгүй байж эцэс хойдын төрөлдөө эрлэг тамын газарт очихдоо мянган хонио туугаад мянган лан мөнгөө тээгээд явдаггүй юм шүү. Хөгшин залуу хүний үхэх цаг нь чөлөөгүй ирдэг юм шүү.

 

Ар халхын та нар минь ээ!

Түймрийн гал мэт улаан галзуу эрлэгийн элч огторгуйн салхи мэт ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь засварлахын тулд буян ном үйлдэж нүглийг тэвчиж явах нь яав даа. Аюулт дайсан ирэхэд довтлуулахыг байлгахын тулд би шөнийн гурван морийг зогсоодог билээ.

 

Ар халхын та нар минь ээ!

Баян гэж бүү бард. Баян чинь ганцхан довон дээрээ шүү. Бага хоосон гэж бүү гомд. Бага хоосон чинь ганц усан дээр шүү. Бардам омогтой бүү яв. Бардам омог чинь ганц бууны суманд шүү.

Энэ цөвүүн цагт энэ сургаал номонд эс орж чадваас тэнгэрийн дууны аюул, галын аюул нэртэй гэнэтийн аюул үхэл зовлон учрах нь байна шүү.

Цаг цөвүүн болсон тул танигдах, үл танигдах өвчин үл болсны тул энэ сургаалийг тараав. Цаг цөвүүн яагаад болов хэмээвээс буруу номт хятадыг хоймороо тахиад, дөрвөн хөлт ширээгээ тавьж, улаан цайгаа домболж, амттан идээгээ таваглаж өгөөд, гэлэн гэцэл банди нарыг ирэхүйд хаалга юугаа хаагаад, арагаа үүрч ийш тийшээ алхлан явах, гэртээ орохуйд буруу зөв хандаад, хялав цалив хийгээд, улаан цайгаа уур савсуулан тавиур доогуураа нуугаад, цийлэн шаар унд хийж өгөөд, үхэхийгээ унтахын төдий үл санах буй, эрлэг тамын газар очоод юугаа хэлэх вэ? Халуун ширмэн ундыг чинь яаж ууж болох вэ? Адгуусан төрөлхтөн, хувраг, тойд хүн бараан цагаан тамхи, бараан архи, бараан хараалыг тэвчин чадсан цагт оройн дээд Очирдарь багшаа саная. Наманчилан гуйяа. Бүсгүй хүн бүрт бараан үнс бүү хая, бараан хараал бүү хараа. Тэр хоёрыг тэвчиж чадсан цагт өөрийн эх дагинас мэт саная, наманчилан гуйяа. Халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бараан цагаан архи, бараан тамхи, бараан хараалыг тэвчсэн цагт сая одоо 83 сүүдэр зооглотол бишүү. Эс тэвчсэн цагт үл үзэгдэх мэт хумхын тоосны төдий бурхан юу бүтээв, буян юуг үйлдэв, үгүйтэй хоосонд өглөг юуг өгөв. Халх дөрвөн аймаг дөчин есөн чуулганы хошуу архи, тамхи, хараал энэ гурвыг тэвчиж чадсан цагт Далай лам Банчин богдод буман лан алтаар мандал өргөж, мөргөсөн адил саная, эс тэвчивээс найман тамд унана. Айхгүй яасан амь бэ? Таныхан амийг хайрлах гэж хонин жилээс бичин жил хүртэл, бичин жилээс туулай жил хүртэл гуйж цөхлөө. Одоо надад гомдох гомдолгүй биш үү. Сайн, муу дөчин есөн төрлийг үзүүлэгч богд Жавзундамбын гэгээн намайг хонин жилийн цагаан сарын шинийн долоонд өндөр ширээн дээр залав. Үхэр жилд гэлэнгийн нинжун зооглохуйд Очирдарь багш минь намайг бузар газраас ирсэн, бузартжээ хэмээн таалж, гэлэнгийн нинжун хайрласан биш үү. Та намайг төдийгөөс одоо болтол бузарласан тань өдий чинээ биш үү. Миний сургаалийг номтой хүн сонсвоос бурхны бие үзсэн адил. Ухаантай хүн сонсвоос нар лугаа адил. Тэнэг хүн сонсвоос харанхуй шөнө адил.

За, миний энэ сургаалийг сонстугай. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурвыг тэвчиж чадсан цагт дал, ная, ерэн нас насласан хүн ч надад мөргөх хувьтай. Эс тэвчивээс арван найман насаа хороогоод, хорин цагаан шүдээ амандаа байгуулавч намайг хүлээж мөргөхийн хувь үгүй. Яагаад буй гэвэл хулгана жилийн өвлийн дунд сараас эхлээд намрын дунд сар хүртэл цагийн аюул, галын аюул болно. Тэр цагт юу сайн бэ гэвэл хар хүн маань мэгзэм хичээ. Лам хүн намсум баялагаа амны уншлага болго. Тавин нэгэн төрлийг үзүүлэгч авидын хувилгаан богд Жавзундамбын гэгээн намайг халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бичин жилийн цагаан сарын арван таванд өндөр ширээн дээр залав. Сүмбэр уулын орой дээрээс эргүүлэн харсанд баруун алганы толионд Бараан цагаан тамхины утаа бараан манан татна Бараан хараалын нүгэл ихэдсэний тул хүрэн манан татна, Бараан архины үнэр нь ханхлаад сууж болохгүй гэж оройн дээд Очирдарь багшдаа айлдсан биш үү. Би түүнээс биш 83 сүүдэр зооглох байсан биш үү. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурваас бузартаж мөр түргэн буцав. Дөрвөн зуун дөрвөн өвчний төдий багтсан цэцгээр үхэв гэж санасан буй за.

 

Ар халхын та нар минь ээ!

Энэ цөвүүн цагт энэ сургаал номыг дагаж яв. Тэгвэл элдэв муу юм хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Ямар нэгэн аюулаас гаталж гарч болно. Лам багшаа сайн хүндэл. Тийм явбаас бурханы оронд очиход холгүй ойртсон шүү. Миний энэ сургаалыг уншиж сонсвоос арван тавны сарны гэрэл мэт оюун санаа чинь ухаантай болж ганжуур данжуурыг уншсантай адил шүү. Муу сонсвоос харанхуй шөнө хар ус үнсэнд асгасантай адил шүү. Аав ээжээ өргөмжлөн хүндэлж явбаас хоёр төрөлдөө амны хишиг заяа буян чинь дэлгэрч явна. Зарга эв тангараг хэрүүл тэмцэл хэл амыг чанд хичээж явагтун. Миний энэ сургаалыг гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барьцад магад арилна. Энэ сургаалыг бичиг мэддэг хүнээр уншуулж санаж явагтун.

Миний энэ хэлсэн бичсэн судар номнуудыг аймаг алгасалгүй албачлан цээжлэн уншуулъя . Тэгвэл алив муу хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Арван хуруу тэгш жаргана. Энэ сургаал номыг дагаж явсан шавь нар минь надтай Гандантэгчилэнгийн оронд дахин дахин учирч төрнө. Миний үгэнд орохгүй бол миний хойноос атан тэмээ чилээж агт морио сульдааж очихын хэрэггүй шүү. Би 120 наслая. Өдөр шөнө зургаа эргэе. Өглөө эрт бос. Үдэш орой унт. Ерөөлийг хүчтэй тавь. Буяныг үйлд. Нүглийг тэвч.

Төгсөв өө,

 

Тэнгэр лусын хутаг орших болтугай!

Буян өлзий хутаг орших болтугай!

Бурханы хутагийг олох болтугай!

Ерөөлийг хүчтэй тавь!

Ум ма ни бад мэ хум

3 Сэтгэгдлүүд»

  amsoo wrote @

Тэнгэр лусын хутаг орших болтугай!

Буян өлзий хутаг орших болтугай!

Бурханы хутагийг олох болтугай!

Ум ма ни бад мэ хум

  Narmandakh wrote @

Um sain amgalan boltugai!

  Энх-Амгалан wrote @

Ум ма ни бад ми хум Ум базарваань хум пад


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: